"Алтайн залуус-2022" залуучуудын чуулга уулзалт Говь-Алтай аймагт гурван өдөр болж өндөрлөлөө

Тус арга хэмжээг Алтай хот болон "Дөргөн нуур" жуулчны баазад зохион байгуулж, залуус эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт орж, хувь хүний хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, өртөөчилсөн сургалтад хамрагдсан байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Бид нэн тэргүүнд хүнээ бодно. Энэ бол ямар нэгэн зар сурталчилгаа биш, ажил. Миний хувьд аймгийнхаа бүх багаар явж, хөдөөгийн иргэдтэйгээ уулзсан. Энэ үед залуучууд хоорондоо уулзаж, танилцах боломжийг олгох талаар санал хүсэлт иргэдээс их гарсан.
Энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо. Монголчууд есөн үе дотроо гэрлэдэггүй, цус ойртоно гэж үздэг. Тиймээс залуучуудыг бусад газрын хүмүүстэй танилцуулмаар байна гэдэг саналыг ахмадууд маань ч хэлж байсан. Тиймээс спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, залуусыг уулзуулах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзсэн. Энэ санал санаачилга иргэдийн дундаас, залуусын зүгээс гарсан" гэдгийг чуулга уулзалтын үеэр хэлсэн юм.